Skip to content
  Home Тогтоол, захирамжууд Шүүхтэй холбоотой бусад журам Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журам Дугаар 36

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журам Дугаар 36 PDF Хэвлэх И-мэйл
2004 оны 11-р сарын 06, Бямба гариг, 10:00
 
МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
 ТОГТООЛ

2004 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр                              Дугаар  36                                     Улаанбаатар    хот

                                                                                           
             

Журам батлах тухай


    Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17.8-д заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

    1.”Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журам”-ыг шинэчилсэн найруулгаар  хавсралтын ёсоор баталсугай. 2.”Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журам”-ыг батлах тухай Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

       


ДАРГА                Ж.НОРОВСАМБУУ

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны
 36 тоот тогтоолын хавсралт.

ТӨРИЙН АЛБАНЫ  МЭРГЭШЛИЙН  ШАЛГАЛТ
АВАХ БОЛЗОЛ, ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

    1.Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах зорилго бүхий төрийн албаны мэргэшлийн шалгалт (цаашид “Мэргэшлийн шалгалт” гэх) авахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү болзол,  журмыг баримтална.

    2.Мэргэшлийн шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ албанд мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлага бүхий иргэнийг сонгон шалгаруулж  авах замаар төрийн албаны зорилт, чиг үүргийг үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

    3.Мэргэшлийн шалгалт авахдаа шударга, нээлттэй, ил тод, адил тэгш хандах зарчмыг удирдлага болгоно.

     4.Мэргэшлийн шалгалтад орох Монгол Улсын иргэний эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харъяалал зэргээр ялгаварлаж үл болно.

    5.Иргэн төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах  албан тушаалд  анх орох тохиолдолд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө.

    6.Төрийн тусгай албан хаагч бүхий байгууллагын үйл ажиллагаандаа дагаж мөрддөг Монгол Улсын хууль, тухайн байгууллагын зорилт, чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, боловсон хүчнээ бэлтгэдэг тогтолцоо болон тэдэнд тавих шаардлагын онцлог байдлыг харгалзан төрийн тусгай албан тушаалд  анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтыг дор дурдсан байдлаар зохион байгуулна:

    6.1.Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний аудитын газар болон  Төрийн албаны тухай хуулийн  8.1.6-д заасан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гамшгаас хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагуудад төрийн тусгай албаны  гүйцэтгэх болон туслах албан тушаалд   иргэнийг анх авах тохиолдолд тухайн байгууллага онцлогт тохируулж Төрийн албаны зөвлөлөөр батлуулсан мэргэшлийн шалгалтын болзол, журмын дагуу сонгон шалгаруулна;

    6.2.Төрийн  албаны тухай хуулийн 7.1-д заасан болон энэхүү болзол, журмын 6.1-д  дурдсан   байгууллагуудын   төрийн   захиргааны гүйцэтгэх     болон   туслах     албан     тушаалд    анх орох   иргэнээс   авах мэргэшлийн шалгалтыг энэхүү болзол, журмын дагуу зохион байгуулна;
   
    6.3.Улсын Их Хурлын 2002 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн дүрэм”-ийн “Нэг”-ийн 8-д заасны дагуу Үндэсний аудитын газар, Монголбанк, Үнэт цаасны хороо, Үндэсний статистикийн газрын харъяа орон нутгийн байгууллагын  төрийн захиргааны болон тусгай албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны мэргэшлийн шалгалтын салбар комисс зохион байгуулна. 

    7.Төрийн албаны тухай хуулийн 17.12-т заасны дагуу иргэнийг төрийн жинхэнэ албанд түр томилоход энэхүү болзол,  журам хамаарахгүй.


Хоёр.Мэргэшлийн шалгалт.

    1.Мэргэшлийн шалгалт нь төрийн захиргааны төв байгууллагын, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулна. Мэргэшлийн шалгалт дараахь бүрэлдхүүн хэсэгтэй  байна:

    1.1.Бичиг (сорил)-ээр авах   шалгалт;
    1.2.Ярилцлага;
    1.3.Эрүүл мэндийн үзлэг.

    2.Бичгээр авах шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ алба хашихад   шаардагдах ерөнхий мэдлэг ба тухайн албан тушаалыг эрхлэх мэргэшлийн мэдлэгийн түвшинг тогтооход оршино. Бичгээр авах шалгалт нь сорил (тест)-ын   хэлбэртэй байна. Сорил(тест) нь ажлын байрны шаардлагаас хамааран  төрийн захиргаа, эрх зүй, эдийн засаг зэрэг салбарын  чиглэлтэй албан тушаалын ангилал зэрэглэлийн түвшингээс хамааран асуултын тоо гүйцэтгэх хугацаа зэргээрээ ялгаатай байж болно.

    3.Ярилцлага нь тухайн хүний уг ажлын байрны шаардлагад нийцэхүйц ерөнхий хандлага, зан үйл, мэргэшил, ур чадвартай эсэхийг тогтооход чиглэгдэнэ. Ярилцлагыг ганцаарчилсан хэлбэрээр хийнэ.

    4.Төрийн албаны тухай хуулийн 17.11-д заасны дагуу төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхлэж байснаас бусад төрийн улс төрийн болон үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан төрийн албан хаагч төрийн жинхэнэ албанд ороход мэргэшлийн шалгалт өгнө.

    5.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан болон 26.1.3-т заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдах сахилгын шиитгэл хүлээж сахилгын шиитгэлгүйд тооцох хугацаа нь өнгөрсөн иргэн төрийн жинхэнэ албанд эргэж ороход мэргэшлийн шалгалт өгнө.

Гурав.Мэргэшлийн шалгалтын комисс

    1.Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв  комисс (цаашид Шалгалтын төв комисс гэх) , Төрийн албаны мэргэшлийн шалгалтын салбар комисс(цаашид Шалгалтын салбар комисс гэх) удирдан зохион байгуулна.

    2.Төрийн албаны зөвлөл Шалгалтын төв комиссыг 9-11 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулах бөгөөд гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь жил дутам шинчлэгдэж байна.

    3.Шалгалтын төв комиссын дарга нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, нарийн бичгийн дарга нь Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны тухайн асуудлыг хариуцсан ажилтан байна. Шалгалтын төв комиссын бүрэлдхүүнд Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ажилтнуудаас гадна, Төрийн захирганны төв байгууллагуудын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан төрийн албаны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгч орж болно.

    4.Шалгалтын төв комисс нь мэргэшлийн шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэшил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

    4.1.Шалгалтын салбар комиссуудын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах

    4.2.Мэргэшлийн шалгалт авах тухай удирдамжийг батлан мөрдүүлэх, мэргэшлийн шалгалт авах болзол, журмыг боловсронгуй болгох санал боловсруулах.
   
    4.3.Төрийн жинхэнэ албан тушаалд ажилтан авах  ажлын байрны захиалгыг улсын хэмжээнд нэгтгэн хянах;

    4.4.Төрийн байгууллагууд ажлын байрны захиалгаа ирүүлэхийн өмнө  уг  сул орон тоог нөхөх талаар Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4-т заасан бусад арга хэмжээ авсан эсэхийг хянан үзэх, энэ талаар шаардлага тавих;

    4.5.Мэргэшлийн шалгалт авах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

    4.6.Мэргэшлийн шалгалтын асуултын  чиглэл, агуулга, бүтэц, үнэлэх журмыг  батлан мөрдүүлэх;

    4.7.Иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад оруулах тухай саналыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.

     5.Шалгалтын төв комиссын нарийн бичгийн дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    5.1.Мэргэшлийн шалгалттай холбоотой бүх асуудлаар шалгалтын төв комиссын даргад өдөр тутам тусалж, холбогдох мэдээллээр хангах;

    5.2.Мэргэшлийн шалгалттай холбогдолтой мэдээ, тайланг нэгтгэн гаргах, мэдээллийн сан хөтлөх;

    5.3. Мэргэшлийн      шалгалтын      асуулт /зохион бичлэгийн болон ярилцлагын сэдэв,  сорил(тест)/, дүгнэх шалгуурыг шалгалтын төв комиссын баталсан чиглэл, агуулга, бүтцийг  баримтлан  мэргэжлийн хүмүүсээр гэрээний үндсэн дээр  нууцын журмаар захиалан бэлтгэх, шалгалтын сэдэв, сорил|тест|-ын  санг байнга баяжуулж байх, түүний нууцыг чандлан хадгалах;
   
    5.4.Жил бүрийн мэргэшлийн шалгалтын үр дүнд  шинжилгээ хийж, шалгалтын сэдэв, сорилын материалыг чанаржуулан, оновчтой болгох арга хэмжээ авах;

    5.5.Мэргэшлийн шалгалттай холбоотой санал, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлж байх;

    5.6.Шалгалтын төв комиссын хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, шийдвэрийг нь зохих журмын дагуу албажуулах;

    5.7.Шалгалтын төв комиссоос шалгалтын салбар комиссуудтай харилцах, комиссын архив, бичиг хэргийг эрхлэн хөтлөх;

    5.8.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс шалгалтын төв комиссын даргын зөвшөөрлөөр төрийн байгууллагуудад гарсан сул орон тоог нөхөх арга хэмжээг зохион байгуулах.

    6.Шалгалтын төв комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн. Шалгалтын төв комиссын хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ:

    6.1.Мэргэшлийн шалгалт авах тухай удирдамж;

    6.2.Төрийн жинхэнэ албан тушаалд ажилтан авах  ажлын байрны захиалга;

    6.3.Мэргэшлийн шалгалтын асуултын чиглэл, агуулга, бүтэц, үнэлэх журам;

    6.4.Мэргэшлийн шалгалтын бэлтгэлийг хэрхэн хангасан тухай болон  мэргэшлийн шалгалтыг зохион байгуулсан дүнгийн тухай шалгалтын салбар комиссын дарга нарын мэдээллийг сонсож чиглэл өгөх;

    6.5.Мэргэшлийн шалгалтыг зохион байгуулсан  дүн, цаашид авах арга хэмжээ;

    6.6.Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад оруулах тухай санал;

    6.7.Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журмыг боловсронгуй болгох тухай санал;

    6.8 Мэргэшлийн шалгалттай холбоотой санал, хүсэлт:
   
    7.Шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагуудын шалгалтын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд байна. Шалгалтын салбар комиссууд  мэргэшлийн шалгалтын бэлтгэлийг хангуулах, шалгалт авах ажлыг зохион байгуулахад туслалцуулах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

    8.Төрийн албаны зөвлөл нь шалгалтын төв комиссын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагын шалгалтын салбар комиссыг 7-9,  аймаг, нийслэл дэх Төрийн албаны  зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцөн нутгийн захиргааны байгууллагын шалгалтын салбар комиссыг 5-7 хүний  бүрэлдэхүүнтэйгээр  тус тус байгуулна.
   
    9.Аймаг, нийслэл дэх нутгийн захиргааны байгууллагын шалгалтын салбар комиссын дарга нь аймаг, нийслэл дэх  Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн  асуудал хариуцсан ажилтан байна.     

    10. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын  сул  орон  тоонд анх орох иргэнээс  мэргэшлийн  шалгалт  авах  ажлыг зохион  байгуулах  ажлын  хүрээнд дараахь  чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    10.1.Төрийн жинхэнэ албан тушаалд ажилтан авах ажлын байрны захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт хүлээн авч, хянаж нэгтгэн, шалгалтын төв комисст хүргүүлж шалгалт авах хугацааг тохирох;

    10.2.Мэргэшлийн шалгалтад орох иргэний биеийн байцаалт, холбогдох бусад материалыг хүлээн авч, нягтлан шалгаж  бүртгэх

    10.3.Энэхүү болзол, журам болон шалгалтын төв комиссын баталсан удирдамжийн  дагуу мэргэшлийн шалгалтын бэлтгэлийг хангаж, шалгалт авах ажлыг зохион байгуулах;

    10.4.Мэргэшлийн шалгалтыг хэрхэн зохион байгуулсан дүнг хуралдаанаараа хэлэлцэж,  гарсан шийдвэр болон холбогдох бусад материалыг  шалгалтын төв комисст хүргүүлэх;

    10.5.Иргэдээс гаргасан мэргэшлийн шалгалттай холбоотой санал, хүсэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд шалгалтын төв комисст танилцуулж шийдвэрлүүлэх.
   
    11.Шалгалтын салбар комисс мэргэшлийн шалгалтад орох иргэний  тооноос хамаарч шалгалтыг хэд хэдэн цэгт нэгэн зэрэг зохион байгуулж болно.

     12.Шалгалтын төв комисс болон төрийн захиргааны төв байгууллагын шалгалтын салбар комиссын үйл ажиллагаатай холбогдох зардлыг Төрийн албаны зөвлөл болон тухайн төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шалгалтын салбар комиссын үйл ажиллагаатай холбогдох зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр төсөвтөө тусган санхүүжүүлнэ.

    13.Иргэн мэргэшлийн шалгалттай холбоотойгоор гарах унаа, байр, хоол, эрүүл мэндийн үзлэг, бүртгэл, үйлчилгээний  хураамжийн  зардлаа өөрөө хариуцна.
       
Дөрөв.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх талаар байгууллагын  хүлээх үүрэг
                       
    1.Төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд томилох  эрх бүхий этгээд нь:

    1.1.Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн,  мэргэшлийн  түвшингээр  нь  сонгон  шалгаруулах  замаар  уг орон тоог нөхнө;

    1.2.Төрийн жинхэнэ албаны сул орон тоог энэхүү болзол,  журмын “Дөрөв”-ийн 1.1-д заасны дагуу  албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс  уг албан тушаалд тавих шаардлагыг харгалзан сонгон  шалгаруулж тухайн орон тоог нөхнө;

    1.3.Энэхүү болзол, журмын “Дөрөв”-ийн 1.1,1.2-т заасны дагуу тухайн орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд уг ажлын байрыг нийтэд зарлаж сонгон шалгаруулахаар захиалгыг шалгалтын салбар комисст ирүүлнэ.   Шалгалтын салбар комиссууд    ажлын байрны захиалгыг нэгтгэн шалгалтын төв  комисст хүргүүлнэ;
   
    1.4.Ажлын байрны захиалгад албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, ажлын байрны тоо, тухайн албан тушаалыг эрхлэх  ерөнхий /мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар, мэргэшсэн байх/ болон тусгай шаардлагуудыг тусгасан байна. Шинэ орон тоо бий болсон тохиолдолд уг ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж баталгаажуулна;

    1.5 Төрийн албаны тухай хуулийн 17.12-т заасны дагуу ажлын  зайлшгүй шаардлагаар иргэнийг 6 сар хүртэл хугацаагаар түр томилон ажиллуулсан байгууллага энэ хугацаанд нь багтаан ажлын байрыг нийтэд зарлаж  өрсөлдүүлэн хамгийн өндөр оноо авсан  Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв болон салбар комиссоос санал болгосон 3 иргэнээс сонголт хийж  уг албан тушаалд томилоно. Түр ажиллаж байгаа  иргэн энэ болзолыг хангаагүй бол ажлаас чөлөөлнө.   

    1.6.Төрийн захиргааны туслах түшмэлийн ангиллын болон төрийн тусгай албаны түүнтэй адилтгах ангиллын албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэхдээ ажилласан жилийг шалгуур үзүүлэлт болгохгүй. Энэ ангилалын албан тушаалын сул орон тоон дээр  шалгалт өгч тэнцсэн иргэнийг ажилд анх ороход нь  ангилал ахиулан  албан тушаалд томилохгүй.

Тав.Мэргэшлийн шалгалтын талаар зарлан мэдээлэх.

    1.Мэргэшлийн шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа авна. Мэргэшлийн шалгалтыг улсын хэмжээнд нэгдсэн журмаар, эсвэл  нутгийн захиргааны болон төрийн төв байгууллагуудын санал, захиалгыг харгалзан салбар комиссууд өөр өөр хугацаанд тусгайлан зохион байгуулж болно.

    2.Шалгалтын салбар комисс нь өөрийн нутаг дэвсгэр дээр төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зайлшгүй зохион байгуулах шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарыг байгууллагуудын захиалгын хамт мэргэшлийн шалгалтын төв комисст шалгалт зохион байгуулахаас 45-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

    3.Төрийн захиргааны  төв болон нутгийн захиргааны  байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  мэргэшлийн шалгалтын салбар комиссын хүсэлт захиалга, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийг  үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комисс энэхүү болзол, журмын “Зургаа”-гийн 1-д заасан нэгдсэн журмаар болон тусгайлан зохион байгуулагдах  мэргэшлийн шалгалт авах хугацааг тогтооно.

    4.Шалгалтын салбар комисс ажилтан авах ажлын байрны нэгдсэн дүн болон мэргэшлийн шалгалттай холбоотой бусад мэдээллийг шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл өөрийн болон төвийн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

    5.Мэдээлэлд шинээр ажилтан авах албан тушаалын нэр,  ангилал, зэрэглэл, ажлын байрны тоо, түүнд тавигдах болзол, шаардлага, шалгалтын асуултын чиглэл, агуулга, бүртгэх болон шалгалт авах байр, хугацаа, бүрдүүлэх материал, шалгалтын салбар комиссын хаяг, харилцах утасны дугаар зэргийг заана.
   
Зургаа. Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг бүртгэх

    1.Төрийн албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангасан Монгол Улсын иргэн мэргэшлийн шалгалтад орох эрхтэй.

    2.Дор дурдсан шаардлагыг хангаагүй иргэнийг мэргэшлийн шалгалтад оруулахаар бүртгэхгүй:

    2.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй;

    2.2.Төрийн жинхэнэ албан тушаалаас сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;

    2.3.Гадаадын иргэн, харъяалалгүй хүн бол;

    2.4.Хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

    3.Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна:
   
    3.1.Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

    3.2.Дээд, тусгай дунд боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
   
    3.3.Иргэний үнэмлэхийн хуулбар;

    3.4.Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт;

    3.5.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

    3.6. “4 х 6”-гийн  хэмжээний 2 хувь зураг.

    4.Шалгалтын салбар комисс мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэний   биеийн байцаалт болон бусад холбогдох материалыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагатай харьцуулах замаар нягтлан шалгаж, болзол, шаардлага хангаж байгаа иргэнийг зарласан хугацаанд харяалалын дагуу  бүртгэнэ.

    5.Шалгалтын салбар комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулж болно.

    6. Энэхүү болзол, журмын “Зургаа”-гийн 3-т заасан материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй байж болно.

    6.1.Гадаад хэргийн яамны нэр дээр зарлагдсан ажлын байранд шалгалт өгөхөөр бүртгүүлэх иргэн “Зургаа”-гийн 3-т заасан материалаас гадна зарлагдсан ажлын байранд тавигдах хэлний шаардлагыг хангаж байгаа эсэх талаар тодорхойлолтыг Гадаад хэргийн яамнаас авсан байна.

    7.Бүртгэх болзол, шаардлагыг  хангаагүй иргэнд мэргэшлийн шалгалтад оруулах боломжгүй тухай үндэслэл, шалтгааныг тайлбарлаж хариу мэдэгдэнэ.

Долоо.Мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж дүнг гаргах.

    1.Шалгалтын төв комиссын нарийн бичгийн дарга нь гэрээгээр хийлгэсэн болон өөрийн санд байгаа шалгалтын сэдэв, сорилтуудаас  тухайн албан тушаал/ ажлын байр/-д тохирох хэсгийг шалгалтын төв комиссын баталсан шалгалтын асуултын чиглэл, агуулга,  бүтцийг баримтлан сонгож  шалгалтын асуултын хувилбаруудыг бэлтгэнэ.

    2.Шалгалтын төв комиссын нарийн бичгийн дарга нь шалгалтын сэдэв, сорилын  2-оос доошгүй хувилбар, тэдгээрийн  үнэлгээний шалгуурыг дугтуйд хийж битүүмжлэн нууцын журмаар шалгалтын салбар комиссуудад  хүргүүлнэ.

    3.Шалгалтын  төв   комисс   мэргэшлийн  шалгалт авах тухай удирдамжийг урьдчилан хүргүүлсэн байна.

    4.Шалгалтын салбар комиссууд шалгалт авах байр, сандал, ширээ, олшруулагч машин, холбогдох бичиг хэргийн материалыг бэлэн болгож, шалгалт явуулах хэвийн нөхцөлийг хангасан байна.

    5.Шалгалтын салбар комисс мэргэшлийн шалгалтын талаарх хууль тогтоомж, энэхүү  болзол, журам, удирдамж, холбогдох бусад мэдээллийг мэргэшлийн шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд урьдчилан танилцуулна.

     6.Шалгалтын салбар комисс нь шалгалтын төв комисстой зөвшилцөж  тогтоосон өдөр, цагт мэргэшлийн шалгалтыг авна.

    7.Шалгалтын салбар комиссын  дарга нь шалгалтын сэдэв, сорилт бүхий дугтуйн битүүмжлэлийг шалгалт авч байгаа танхимд шалгалтад оролцогчдын   өөрсдийнх нь төлөөлөгчөөр шалгуулж, түүний сонгосон  нэг хувилбараар тухайн шалгалтыг авна.

    8.Шалгалтын салбар комисс мэргэшлийн шалгалтыг дор дурдсан байдлаар зохион байгуулна:

    8.1. Бичиг(сорил)-ийн   шалгалтыг  шалгалтын төв комиссоос тогтоосон цагт багтаан авч, шалгалтын материалыг тухайн ажлын өдөрт багтаан дүгнэнэ;

    8.2.Бичиг(сорил)-ийн   шалгалтад тэнцсэн иргэнтэй тогтоосон өдөр, цагт ярилцлага хийнэ;

    8.3.Бичгийн шалгалт, ярилцлагад тэнцсэн иргэнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батласан  журмын дагуу  магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын үзлэгт оруулж, эрүүл мэндийн дүгнэлт гаргуулна;

    8.4.Шалгалтын салбар комисс шалгалт бүрийн дараа дүнг  мэдээлж байна;

    8.5.Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссын бие төлөөлөгч болон   салбар зөвлөл нь мэргэшлийн шалгалтад бэлтгэх, зохион байгуулах, үнэлж дүгнэх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, энэхүү болзол, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавина.
   
    9.Энэхүү болзол, журмын “Долоо”-гийн 8.1, 8.2, 8.3-т дурдсан шалгалтад тэнцсэн   иргэнийг мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцно.
   
    10.Шалгалтын салбар комисс нь мэргэшлийн шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж,    мэргэшлийн     шалгалтад    тэнцсэн иргэний онооны жагсаалтыг албан тушаал бүрээр хамгийн өндөр оноо авсан иргэнээс эхлэн жагсааж батална. Энэ тухай шийдвэрийг 2 хувь үйлдэж, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
 
    11.Мэргэшлийн шалгалт, ярилцлагын нийлбэр оноо тэнцвэл комиссын гишүүдийн олонхийн саналаар дараалуулна. Комиссын гишүүдийн санал тэнцвэл нэрийн эхний  үсгийн дарааллаар дарааллыг тогтооно.

Найм. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг нөөцийн жагсаалтад бүртгэх, нэр  дэвшүүлэх, томилох.

    1.Шалгалтын салбар комисс мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсааалтад оруулах саналын тухай шийдвэр, шалгалтын асуултын задраагүй үлдсэн хувилбар, холбогдох бусад материалыг шалгалтын төв комисст хүргүүлнэ.

    2.Шалгалтын төв комисс мэргэшлийн шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж,  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад оруулах  тухай санал гаргана.

    3.Төрийн албаны зөвлөл мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад оруулах тухай  шалгалтын төв комиссын саналыг хуралдаанаараа хэлэлцэж батална.

    4.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтыг төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын болон  мэргэжлийн чиглэл бүрээр төрөлжүүлэн хийнэ.

    5.Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

    6.Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний  нөөцийн  жагсаалтад  бүртгэлтэй  иргэн мэргэшлийн шалгалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд болон шалгалт өгсөн мэргэжлийн чиглэлийн дагуу  энэ журмын “Найм”-ын 5-д заасан хугацааны дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож болно.

    7.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн энэ журмын “Найм”-ын 5-д заасан  хугацаанд дүнгээ ахиулах зорилгоор мэргэшлийн шалгалтад дахин орж болно.

    8.Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн 3 хүртэлх иргэнийг онооных нь дарааллаар сонгож, төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар холбогдох  байгууллагад захиалгынх нь дагуу нэр дэвшүүлнэ.

    9.Захиалга өгсөн төрийн байгууллага нь Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлсэн иргэдээс  тухайн албан тушаалд илүүтэй тохирно гэж үзсэн  иргэнийг сонгон уг албан тушаалд томилж, энэ тухай шийдвэрийг албан бичгийн хамт Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ.

    10.Нөөцөд бүртгэгдсэн иргэний шалгалтын материалыг нөөцөөс ажилтан авахыг хүссэн байгууллагын  албан ёсны бичгийг үндэслэн тухайн байгууллагад  нь шилжүүлнэ. Шаардлагатай бол хувь хүнд Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссоос нөөцөд бүртгэгдсэн нь үнэн гэсэн тодорхойлолт өгч болно.

    11.Шалгалтын төв комиссын нарийн бичгийн дарга  албан тушаалд томилогдсон иргэний нэрийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасаж , зохих хөдөлгөөн хийнэ.

Ес. Мэргэшлийн  шалгалттай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх
 
    Төрийн албаны мэргэшлийн шалгалттай холбогдсон асуудлаар иргэний гаргасан маргааныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ.

Арав. Зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлага

    1.Төрийн жинхэнэ албан хаагч бүхий Төрийн тусгай алба, төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан болзол журмын “Дөрөв”-ийн 1.1; 1.2: 1.5: 1.6 -г болон Төрийн албаны тухай хуулийн 17.1; 17.4; 17.5; 17.12-ыг зөрчсөн  тохиолдолд  энэхүү хуулийн  41.1.1; 41.1.2-т  заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

    2.Шалгалтын төв болон шалгалтын  салбар комиссын дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, төрийн албан хаагч, иргэн мэргэшлийн шалгалттай холбогдсон  асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 41.1.2-т  заасны дагуу хариуцлага хүлээнэ.


       



       





Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 4-р сарын 21, Даваа гариг, 22:10
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр488
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6502
mod_vvisit_counterЭнэ сард3490
mod_vvisit_counterНийт115025

Онлайн зочид

Манайд 5 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.