Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /цаашид ШЕЗ гэх/ 2008 оны ажлын төлөвлөгөөнд нийт 34 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд эдгээр арга хэмжээг 4 чиглэлээр багцлан тайлагнаж байна.
Нэг. Шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар
Монгол Улсын шүүхийг 2009-2021 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж батлуулах, энэ ажиллагаанд гадаадын төслийн байгууллага, хуульч эрдэмтэд, шүүгчид, шүүхийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
* Улсын Их хурлын /цаашид УИХ гэх/ 2000 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтэнд хийсэн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн ажлын албанаас тодорхой судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд шүүхийн стратеги төлөвлөгөөний шинэчилсэн төслийг боловсруулж, нийт шүүхийн шүүгч, ажилтнуудаар 2 удаа хэлэлцүүлээд байна.
Стратеги төлөвлөгөөг сүүлийн хувилбараар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл” нэртэй томъёолсон болно. Энэхүү бодлогын баримт бичиг нь УИХ-аас 2008 онд батлагдсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндсэний хөгжлийн цогц бодлого” болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны 2 дугаар сард зохион байгуулагдсан “Эрх зүйт төр-хууль ёсны хэрэгжилт” үндэсний зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжтэй уялдаж байгаа юм.
Үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр Монгол Улс нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлаараар бүс нутагтаа тэргүүлэх төвшинд хүрсэн улсын нэг болох, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн байх, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлын бодит баталгаа бий болох, нийгэмд ардчилал, шударга ёсыг тогтооход шүүх шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болох зэрэг тодорхой үр дүнд хүрнэ.
Төслийг боловсруулахад АНУ-ын “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр төсөл” /цаашид “ШЭМШХТөсөл” гэх/ техникийн туслалцаа үзүүллээ.
Шүүхийн менежментийг боловсронгуй болгох, үр дүнтэй арга, ажиллагааг нэвтрүүлэх замаар түүний удирдлагын стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, шүүхийн автоматжуулалт, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээнд суурилсан шүүхийн мэдээллийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
* Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбогдсон хууль, тогтоомж, ШЕЗ-ийн шийдвэрийн хэрэгжилт, шүүхийн тамгын хэлтэс, албаны үйл ажиллагааны менежмент, шүүгч, ажилтнуудын ажлын хариуцлага, ёс зүйн байдал зэргийг шалган тусалж, ололт, амжилтыг бататган нийт шүүх болон олон нийтэд мэдээлж сурталчлах, дутагдлыг арилгуулах зорилгоор ШЕЗ-өөс шүүхийн тамгын хэлтэс, албанд мэргэжил, арга зүйн туслалцаа болон зохицуулалтын дэмжлэг үзүүлэх, менежерүүдийн үйл ажиллагааг нэгдсэн шалгуураар дүгнэж, үнэлэх ажлын хүрээнд Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн шүүхийг Улсын Дээд шүүхийн /цаашид УДШ гэх/ шалган туслах багтай хамтран иж бүрэн; Дархан-Уул, Төв аймгийн шүүхийн тамгын хэлтсийн үйл ажиллагааг бие даан шалган тусалж, дүнг ШЕЗ-ийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хугацаатай үүрэг, даалгавар бүхий тогтоол гаргав.
Дотоод хяналт, шалгалтын ажлыг энэ оноос эхлэн чанарын шинэ түвшинд зохион байгуулах зорилт тавьж Говьсүмбэр, Дорноговь аймгийн шүүхийн тамгын хэлтэс, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын 2 дугаар шүүхийн болон Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум дундын 2 дугаар шүүхийн тамгын албаны үйл ажиллагаанд (урьдчилан зарлалгүйгээр) гэнэтийн шалгалт тус тус хийв. Шалгалтын энэ арга хэлбэр нь тухай шүүхийн менежментийн үйл ажиллагааны бодит байдлыг үнэн, зөв тогтооход чиглэсэн шинэлэг алхам болов.
Шалган туслах болон хяналт шалгалтын ажлын дүнгээс үзэхэд тамгын хэлтэс, албаны зарим дарга нар шүүхийн менежментийн үйл ажиллагааг зөвхөн хангамжийн менежментийн хүрээнд ойлгон хэрэгжүүлдэг, төлөвлөгөө, бүртгэл, судалгаа, хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаарх мэдээлэл, баримт бичгүүдийн бүрдэл, хөтлөлт хангалттай бус байх дутагдал нийтлэг байна. Энэ нь нэг талаас урьд шаардлагыг зөвхөн дээрх хүрээнд тавьдаг байсантай, нөгөө талаас тухайн менежерийн идэвхи санаачлага, манлайлал, ур чадвартай холбоотой гэж үзэж байна. ШЕЗ-өөс нийт шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны дарга нарын заавал хөтлөх баримт бичгүүдийн жагсаалтыг баталж өгөх нь зүйтэй юм.
ШЕЗ-өөс батлан гаргасан “Хэргийн хөдөлгөөний стандарт”-уудыг сайн хэрэгжүүлж байгаа боловч зарим шүүх дээр хэрэгжилт, түүнд тавих хяналт хангалтгүй байна. Цаашид ажилбаруудын давхардлыг арилгах, ялангуяа бүртгэлийн цаасан хэлбэрүүдийг зайлшгүй шаардлагатай бус тохиолдолд халж, программд нэг л удаа бүртгэх, хэргийн ажилбаруудыг программд дамжлага маягаар явуулах, тухайн хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай бүх дэд бүтцүүдийг программд суулгах бөгөөд энэ чиглэлд тодорхой ажил хийгдэж байгаа болно. Ингэснээр хэргийг зөвхөн бүртгээд зогсохгүй хэргийн хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалт, зохицуулалт, хяналт, статистик мэдээлэл, лавлагаа зэргийг цогцоор нь хангаж, шүүхийн дотоод үйл ажиллагааны эмх цэгц сайжран, ажлын ачаалал багасах боломж бүрдэнэ.
Цаашид менежерүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
* Шүүхийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх шүүхийн захиргааны удирдлагатай холбоотой нийт 130 гаруй актыг эмхтгэн 2 боть болгон хэвлүүлэв. Үүнээс 2008 онд 40 гаруй эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудыг эмхтгэн гаргаж нийт шүүгч, ажилтнуудад хүртээмжтэй байдлаар түгээв. “Шүүхийн захиргааны удирдлага-2” эмхтгэлд ШЕЗ-ийн тогтоол, даргын захирамж, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар шинээр батлагдсан 23 дүрэм, журам, зааврууд багтжээ.
Тайлангийн хугацаанд “Байгууллагын мэдлийн орон сууцны тухай журам”, “Шүүхийн статистикийн мэдээлэл, тайлан гаргах журам”, “Шүүхийн мэдлийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн журам”-ыг ШЕЗ-ийн тогтоолоор, “Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө”, “Сэтгүүл эрхлэн гаргах, түүнийг түгээх журам”-ыг ШЕЗ-ийн даргын захирамжаар тус тус батлав. Эдгээр журмуудын дийлэнх нь шинээр батлагдсан болно. “Байгууллагын мэдлийн орон сууцны тухай журам” батлагдсанаар байгууллагын мэдлийн орон сууцыг шүүгч, ажилтнуудад ямар шалгуур, нөхцөлөөр хэрхэн эзэмшүүлэх тухай харилцааг зохицууллаа. “Шүүхийн мэдлийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн журам” батлагдсан нь шүүхийн байгууллагын эзэмшлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх, баталгаажуулах, цаашид оновчтой ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд чухал шаардлагатай зохицуулалт боллоо. “Шүүхийн статистикийн мэдээлэл, тайлан гаргах журам”-аар Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль , Статистикийн тухай хуулиудад өөрчлөлт орсонтой уялдан мэдээний маягтуудыг дээрх хуулиудад нийцүүлснээс гадна, энэ үйл ажиллагаанд хяналт тавих албан хаагчид, мэдээг холбогдох байгууллагад хүргүүлэх хугацаа зэргийг тодорхой болголоо.
*ШЕЗ-ийн даргын 2008 оны 17 дугаар захирамжаар “Шүүхийн менежмент” гарын авлагыг боловсруулах ажлын хэсгийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд ажлын хэсэг эрчимтэй ажилласны дүнд “Шүүхийн менежментийн үндсэн асуудлууд” сэдэвт гарын авлагыг боловсруулан гаргав. Гарын авлага нь шүүгч, ажилтнууд өөрсдөө гардан хийсэн энэ чиглэлийн анхны бүтээл бөгөөд бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, тамгын газар, хэлтэс, албаны дарга, ажилтан, ШЕЗ-ийн гишүүд болон түүний ажлын албаны ажилтнуудын өдөр тутмын ажлын хэрэгцээнд зориулагдсан бөгөөд шүүхийн менежментийн талаар онолын мэдлэгийг хөгжүүлж, практик үйл ажиллагааг сайжруулж, нэгдмэл ойлголттой болгох зорилготой.
Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэснээр шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн стандартыг тогтооход мэдэгдэхүйц ахиц гарч, шүүхийн менежментын үндсэн асуудлууд тодорхой зохицуулалттай боллоо.
Цаашид шүүхийн бүх шатанд хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдөх, түүний хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцох, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллах шаардлагатай байна.
* “Шүүхийн бүтээн байгуулалт” сэдэвт зурагт сэтгүүлийг 2008 онд багтаан гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ зурагт сэтгүүлд 2006-2008 онд шүүхийн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдсэн ажлууд болох шүүхийн шинээр баригдсан барилга, их засварын ажлууд, шүүх хуралдааны танхимын тохижилт, автомашины паркийн болон техник хэрэгслийн шинэчлэлийг тайлбар, гэрэл зурагтай үзүүллээ. Энэ нь харьцангуй богино хугацаанд шүүхэд хэрэгжүүлсэн дээрх ажлуудыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцоход ач холбогдолтой ажил болно гэж үзэж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны үйл ажиллагаа, анхан шатны шүүх дэхь эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний стандартыг олон нийтэд таниулах зорилгоор зурагт хуудсуудыг ШЭМШХТөсөлтэй хамтран бэлтгэж, нийт шүүхүүдэд тараалаа.
* УДШ-ийн тамгын газар, аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүхүүдийн 2007 оны үйл ажиллагааны тайланг хүлээн авч, нэгтгэх, тамгын хэлтсийн дарга нарын 2007 оны үр дүнгийн гэрээг дүгнэх, 2008 оны үр дүнгийн гэрээг байгуулах ажлыг 2008 оны 1 дүгээр сарын 28-31-ний өдрүүдэд хийв.
Нийт 23 тамгын хэлтсийн дарга нарын ажлыг дүгнэсэн бөгөөд тамгын хэлтсийн 7 дарга “А” буюу маш сайн /2005 онд 8, 2006 онд 10/, 11 дарга “В” буюу сайн /2005 онд 9, 2006 онд 7/, 4 дарга “С” буюу хангалттай /2005 онд 1, 2006 онд 2/ гэсэн үнэлгээг ШЕЗ-ийн дарга /Ерөнхий менежер/-аас тус тус авчээ.
Цаашид Ерөнхий менежер нь түүнээс шууд томилогддог, төсөв захиран зарцуулах эрх бүхий сум дунд, дүүргийн шүүхүүдийн тамгын албаны дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй юм.
Шүүхийн менежерүүдийн үйл ажиллагааны үр дүнд өгөх үнэлгээг илүү бодитой болгох зорилгоор Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны үйл ажиллагааны тайланг тухай шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж, гарсан шийдвэрийг Ерөнхий менежерээс тэдэнд үнэлгээ өгөхдөө харгалзан үздэг байхаар тогтов.
*2008 оны 1 дүгээр сарын 25-ний өдөр 1/364 дүгээр албан бичгээр УДШ-ийн Ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн дарга С.Батдэлгэрээс нийт анхан, давж заалдах шатны болон дагнасан шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын хэлтэс, албаны дарга нарт албан даалгавар өгөв. Уг албан даалгаварт шүүхийн байгууллагууд сүүлийн 2 жилд тодорхой зорилтууд дэвшүүлэн ажиллаж зарим нааштай ахиц, үр дүн гарсныг тэмдэглэсэн бөгөөд цаашид түүнийг улам бататган бэхжүүлэх, оршин буй зөрчил дутагдлыг арилгах, түүний шалтгаан нөхцөлийг судлах зэрэгт цаг хугацаа хожин ажиллахыг чухалчилан, шүүхэд итгэх олон түмний итгэл, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд нийт шүүгч, ажилтнууд үйл ажиллагаагаа чиглүүлэхийг уриалж, тодорхой үүрэг даалгавар өгөв.
*2007 онд шүүн таслах болон бусад ажлын үзүүлэлтээрээ шалгарсан шүүх, шүүгчдийг шагнаж урамшуулах ажиллагааг ШЕЗ-ийн 2007 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүх, шүүгчийн ажлыг дүгнэх журам”-ын дагуу анх удаа зохион байгуулав. Энэ журмаар дээрх ажиллагааг илүү боловсронгуй, нээлттэй, ил тод, хариуцлагатай, ойлгомжтой болгох зорилго тавьсан бөгөөд шүүх, шүүгчийн ажлыг тухайн шүүх дээр урьдчилан дүгнэж, ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн шүүгчийг зайлшгүй байх ёстой тодорхой шалгуурт /номинацид/ нийцэж байгаагаар нь тухайн шүүхээс нэр дэвшүүлсэн тохиолдолд тэдгээрээс шалгаруулалт явуулахаар болсон билээ.
Ингэснээр шүүгч бүр өөрийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх эрмэлзлэлтэй болж, нийт шүүх, шүүгчийн ажлын бүтээмж, чанар сайжирч, ажлын хариуцлага дээшилнэ гэж үзэж байна.
* 2008 оны 5 дугаар сарын 29-30 өдрүүдэд нийт шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны дарга, ШЕЗ-ийн дарга, ажлын албаны ажилтнууд оролцсон “Шүүхийн захиргааны удирдлагын өнөөгийн байдал: тулгамдсан асуудлууд ба хэтийн төлөв” сэдэвт уулзалт, семинарыг ШЭМШХТөсөлтэй хамтран зохион байгуулав. Энэ арга хэмжээний үеэр шүүхэд тулгамдаж байгаа асуудлууд болон шүүхийн хэтийн хөгжлийн төлөв байдлын талаар шүүхийн менежерүүд санал солилцов. Мөн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын үндсэн чиглэл”-ний төслийг хэлэлцэв. Түүнчлэн тус зөвлөгөөний мөрөөр тамгын хэлтэс, албаны өмнө нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нийт аймгийн шүүхүүдэд албан бичгээр хариу өглөө.
* ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, ажлын албаны тасгийн дарга Р.Мэндсайхан нар 2008 оны 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж ОХУ-ын Арбитрын Дээд шүүхийн дарга А.А. Ивановтой уулзан ярилцаж, санал солилцсон нь хоёр орны шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ хуудсыг нээв.
* ШЕЗ-ийн даргын 2008 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 19 дүгээр захирамжаар Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслөөс Монгол Улсын шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх зөвлөлийг, 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар захирамжаар дээрх төслийн хүрээнд хийгдэх ажиллагааг эхний ээлжинд Орхон, Өмнөговь аймгийн болон Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг түшиглэн зохион байгуулахаар болж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Төслийн хүрээнд ХБНГУ-ын Хэссэн мужаас 2 мэргэжилтэн Монголд ирж зөвлөлийн болон ажлын хэсгийн гишүүдэд сургалт, семинар зохион байгуулсан бөгөөд зөвлөл, ажлын хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүтэй төлөөлөл 2008 оны 12 дугаар сарын 1-7 өдрүүдэд ХБНГУ-ын Хэссэн мужийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн болон мужийн Хууль зүйн яам, “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэдээллийн технологийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцав.
Цаашид төслийг шүүхэд амжилттай хэрэгжүүлснээр шүүхийн бүтэц, зохион байгуулалт сайжирч, шүүхийн мэдээллийн технологи, программ хангамж боловсронгуй болж, иргэд, олон нийтэд шүүхээс төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэл багатай үзүүлэх боломж нэмэгдэх юм.
* ШЕЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, мэдээлэх, сурталчлах зорилгоор ШЕЗ-ийн дэргэд “Мэдээлэл, олон нийттэй харилцах баг”-ийг Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан, ажлын тусгай төлөвлөгөөг батлан ажиллав. Энэ хугацаанд ШЕЗ-ийн хуралдааны тоймыг телевизүүдээр мэдээлэх, хэвлэлийн бага хурал хийх, өдөр тутмын сонин, радио, телевизид тодорхой сэдвээр тогтмол ярилцлага өгөх зэргээр ШЕЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулж, сурталчиллаа. Эдгээр ажиллагааны дүнд шүүхийн шинэчлэлтийн явц, менежментийн үйл ажиллагааны хэрэгжилтийн тухай мэдээ, мэдээллээр олон нийтийг цаг тухайд нь хангах явдал сайжирсан болно. Цаашид энэ ажлын эрчийг алдагдуулахгүйгээр “Улсын Дээд шүүхийн хэвлэл, мэдээллийн алба”-тай хамтран тусгай төлөвлөгөөний дагуу ажиллах болно.
* 2008 онд ШЕЗ-д нийт 65 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс шилжин ажиллахыг хүссэн 10, тусламж хүссэн 9, 7 гомдол, үлдсэн 39 нь бусад төрлийн өргөдөл ирснийг тухайн бүр нь ШЕЗ-ийн дарга, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарт танилцуулж, хугацаанд нь шийдвэрлэж, хариуг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн байна.
ШЕЗ-д 270 албан бичиг ирсний 28 буюу 10.3 хувь нь шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, 64 буюу 23.7 хувь нь шүүхийн хүний нөөц, 178 буюу 65.9 хувь нь төсөв, санхүүтэй холбоотой асуудал байлаа.
ШЕЗ-өөс 420 албан бичгийг төлөвлөж гаргасныг зохих байгууллага, албан тушаалтан, иргэнд хүргүүлсэн байна. 2007 оныхтой харьцуулахад явуулсан бичгийн тоо 15.5 хувиар нэмэгджээ.
2008 онд ШЕЗ-ийн 6 удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, амжилттай зохион байгуулснаар тодорхой асуудлуудыг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, нийт 43 тогтоол гаргажээ. ШЕЗ-ийн дарга эрх хэмжээний хүрээнд 49 захирамж, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 89 тушаал тус тус гаргажээ.
ШЕЗ-ийн ажлын албаны хөтлөх бичиг хэргийн нэрийн жагсаалтыг тасаг бүрээр гаргаж, 1998 оноос эхлэн архивын нэгжүүдийг Архивын тухай хууль, дүрэмд заасны дагуу эмхтгэж, цэгцлэх ажлыг хийв.
Цаашид ШЕЗ-ийн ажлын албанд ирсэн, явсан бичгийг бүртгэл, хөтлөлтийг тусгай программд оруулах шаардлагатай байна. Ингэснээр ирсэн, явсан бичгийн судалгаа гаргах, хариутай бичгэнд шууд хяналт тавих боломжоор бүрэн хангагдах юм.
* Шүүхийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээний хэвийн, найдвартай ашиглалтыг хангаж, нэмэлт ажиллагаануудыг цаг тухайд нь хийж, шинэ гарсан вирусны эсрэг программын нэмэлтүүдийг суулгаж ирэв. ШЕЗ-өөс шинээр болон шинэчлэгдэн гарсан эрх зүйн актууд болон бусад шаардлагатай мэдээллийг www.Judgeinfo.mn веб сайтад цаг тухайд нь оруулсан болно. ШЕЗ-ийн веб сайт www.Gcc.mn-г цаг тухайд нь шинэчлэн, байнгын ажиллагаанд оруулснаар шүүгч, шүүхийн ажилтан, иргэд, олон нийт ШЕЗ-ийн үйл ажиллагаа, шүүхийн менежменттэй холбоотой мэдээлэл болон ШЕЗ-ийн тогтоол, даргын захирамж, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаал зэрэг эрхийн актуудтай шуурхай танилцах боломж нээгдэв.
Орон нутгийн шүүхүүдийг цагийн болон байнгын интернетэд холбосноор сүлжээ, интернетээр мэдээ, мэдээллийг цаг алдалгүй солилцож байна. Орон нутгийн шүүхүүдийн байршил, онцлогоос шалтгаалан интернетийн хурд харилцан адилгүй байгаа бөгөөд цаашид цагийн интернетийн холболтыг байнгын болгох шаардлагатай.
Цаашид программ хангамжийн засвар үйлчилгээг сүлжээг ашиглан зайнаас үзүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
www.Judgeinfo.mn шүүхийн мэдээллийн системийн вебсайт нь УДШ-д байрладаг учир интернетийн сүлжээний хурдаас шууд хамаардаг ба гаднаас хийгдэх хандалт нь удаан байна. Иймд УДШ, ШЕЗ-ийн интернетийн хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай.
* Нийт шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын хэлтсийн дарга нарт албаны @lawcourt.mn, ШЕЗ-ийн ажлын албаны ажилтнуудад @gcc.mn мэйл хаягийг тус тус нээж өглөө. Цаашид шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга бүрт и-мэйл хаяг нээх зорилго тавьж байна.
* Нийт шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын хэлтэс, албаны дарга нар болон нягтлан бодогч нарт шүүхийн и-мэйл хаяг нээж өгснөөр файл хэлбэрээр мэдээллийг шууд нэрээр нь хаяглан явуулах, мэдээллийг аюулгүй, баталгаатай солилцох, шүүгч, ажилтнууд хоорондоо чатын программ ашиглах зэрэг өргөн боломж нээгдсэн бөгөөд цаашид албаны мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр солилцох боломж бүрдэнэ.
Одоогоор нийт 400 шүүгч, тамгын хэлтсийн ажилтнуудад электрон шуудан хаяг нээн өгч хүргүүлээд байна.
* Шүүхийн мэдээллийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд “ШЭМШХ” төслийн санхүүжилтээр “Терравокс” ХХК-ийн “Алсын зайн сургалт”-ын видео тоног төхөөрөмжийг бүсчилсэн хөгжлийн төвүүд болох Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Төв аймгийн шүүх болон ШЕЗ дээр суурилуулан, “Мобиком” ХХК-тай байгуулсан гэрээгээр дээрх шүүхүүдийг VPN /тоон мэдээлэл дамжуулах/ сүлжээнд холбов. Ингэснээр дээрх шүүхүүд болон УДШ, ШЕЗ-ийн хооронд өндөр хурд, хамгаалалттай сүлжээ бий болж, шүүхийн албаны зориулалттай мэдээ, мэдээллийг өндөр хурдаар тасралтгүй дамжуулах, солилцох, сүлжээнд холбогдсон хугацаанд телефон утас ашиглахаас гадна төвөөс орон нутгийн шүүхүүдтэй дуу, дүрсээр шууд харилцан хурал зөвлөгөөн, сургалт семинарыг харьцангуй бага зардлаар, чанартай, шуурхай хийх өргөн боломж нээгдлээ. Цаашид туршилт амжилттай болсон тохиолдолд нийт аймгийн шүүхийг VPN сүлжээнд холбогдох зорилт тавьж байна.
* 2008 оны 4 дүгээр сард шүүхийн Сахилгын хороотой хамтран шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлага сэдвээр нийт шүүхүүдтэй онлайн ярилцлага зохион байгууллаа.
* Түүнчлэн хөдөө, орон нутгийн шүүхүүдээс ирүүлсэн гэмтэлтэй компъютер, тоног төхөөрөмжүүдийг засварлав. Зарим шүүхэд 2000-2002 онд анх суурилуулж байсан компьютер, тоног төхөөрөмжүүд өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа учраас эвдрэл, гэмтэл ихээр гарч байна. Эдгээр гэмтэл нь шүүхийн байрны цахилгааны гэмтэл, тогны хэлбэлзлэлээс голлон үүсч байгааг анхаарч шүүх бүр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна.
*Шүүхийн бүртгэлийн “Judge2005” программын шинэчлэсэн хувилбарыг “ШЭМШХТөсөл”-өөс санхүүжүүлж “Цахим ертөнц” ХХК-иар хийлгүүлж байна. ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг, программын кодыг орчин үеийн технологи ашиглан, хуулийн өөрчлөлт, хэргийн хөдөлгөөний стандартууд болон бүх мэдээний маягтыг оруулж байгаа болно. Программын бүх хэсгийг шинэчилж байгаа тул хугацаа багагүй шаардагдаж байгааг дурьдах нь зүйтэй.
*Нийт шүүхүүдэд ашиглагдаж байгаа компьютер, электрон тоног төхөөрөмжийн нарийвчилсан судалгааг шинэчлэн гаргав. Ингэснээр техник, технологийн шинэчлэлийн ажлын төлөвлөлт, зохицуулалтыг хангахад дөхөмтэй болов.
Цаашид техникийн шинэчлэлийг дэс дараатай, зөв менежментэй хэрэгжүүлэх, компьютер, техник, тоног төхөөрөмжүүдийг даатгалд хамруулах, ажилтнуудын эд хөрөнгийн хариуцлагыг тодорхой болгох зэргийг дурдаж болох юм.
Хоёр. Шүүхийн хүний нөөцийн удирдлага, түүний хөгжлийг
хангах талаар
2008 онд Шүүхийн хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалтын тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийн хөгжлийг хангах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, орон нутгийн шүүхүүдийн хүний нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах тухай бодлогын шинжтэй арга хэмжээ авах, шүүгч, ажилтнуудыг мэргэшүүлэх хэрэгцээг үнэлж, тодорхой төрлийн сургалтын хөтөлбөр боловсруулан гаргах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирлээ.
*ШЕЗ-ийн 6 удаагийн хуралдаанаар хүний нөөц, боловсон хүчний асуудалтай холбоотой нийт 62 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
2008 онд анхан шатны шүүхийн шүүгчийн 17, давж заалдах шатны шүүхийн 5, аймгийн захиргааны хэргийн шүүхийн 1, сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 3, аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 3 нийт 27 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, Шүүхийн Мэргэшлийн хороо /цаашид “ШМХ” гэх/-ны шалгалтанд тэнцэж, ШЕЗ-ийн хуралдаанаар гишүүдийн олонхийн санал авсан нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, 27 хүн шүүгч, Ерөнхий шүүгчээр томилогдсоноос шинээр 19 хүн шүүгчийн албан тушаалд томилогджээ.
ШЕЗ-ийн хуралдаанаар хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 4, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 4, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй тухай ШМХ-ны дүгнэлт гарсан 4, биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон 1 шүүгчийг тус тус шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон 1, Сахилгын хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсон 1 шүүгчийг тус тус шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж шийдвэрлүүллээ.
Сүүлийн 3 жилийн байдлаар авч үзвэл 2006 онд 47, 2007 онд 68, 2008 онд 27 шүүгч тус тус шинээр болон улиран томилогдсон байна.
Шүүгчийн албан тушаалаас 2006 онд 1 шүүгч өөрөө хүсэлт гаргаж чөлөөлөгдсөн бол, 2007 онд өмнөх оноос нилээд олон буюу нийт 20 шүүгч чөлөөлөгдсөн байна. Харин 2008 онд 16 шүүгч чөлөөлөгдсөнөөс ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй тухай ШМХ-ны дүгнэлт гарсан шүүгч өмнөх онуудынхтай харьцуулахад нэмэгдсэн дүнтэй гарч байгаа нь шүүгчдийг мэргэшил, ур чадвараа зайлшгүй дээшлүүлэх шаардлага тавигдаж байна.
Тайлангийн хугацаанд Архангай, Өвөрхангай, Ховд аймгийн шүүхүүдийн тамгын хэлтсийн дарга нарыг жинхлэн томилж, Баян-Өлгий, Хэнтий аймгийн шүүхүүдийн тамгын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилов.
* Монгол Улсын шүүх 2008 оны 12 дугаар сарын байдлаар Монгол Улсын Их Хурлаас батлагдсан 429 шүүгчийн орон тоотой ажиллаж байна.
Сүүлийн 2 жилд анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын ачааллыг харгалзан шүүгч бүрийг шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай болгосноор шүүгч нарын гүйцэтгэдэг байсан техник ажиллагаа багасч, шүүн таслах ажиллагаандаа зарцуулах, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх цаг хугацаа нэмэгдэж, хэрэг маргааныг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.
Шүүхэд зайлшгүй шаардлагатай албан хаагчдын орон тоо болон ажлын ачаалал, харъяалах нутаг дэвсгэрийн хүн амын тоотой нь уялдуулан аймаг, нийслэл, сум дунд, дүүргийн шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын тоог сүүлийн 2 жилд 93 хүнээр нэмэгдүүллээ.
Аймаг, нийслэлийн болон нийслэлийн захиргааны хэргийн шүүхүүд 2005-2008 он хүртэлх хугацаанд нэмэгдсэн орон тоог он тус бүрээр гаргавал 2005 онд 1020, 2006 онд 1126, 2007 онд 1208, 2008 онд 1220 орон тоотой болж, жил бүр өссөн үзүүлэлт гарч, нэг шүүгч, ажилтанд ногдох ажлын ачаалал буурснаар, ажлын чанар, үр дүнд тодорхой ахиц гарсан байна.
ШЕЗ-ийн ажлын албыг чадавхижуулах зорилгоор шүүхийн “Барилга, захиалагчийн хяналт хариуцсан референт”-ийн орон тоог шинээр баталснаар өнөөдөр тус ажлын алба төрийн захиргааны болон үйлчилгээний нийт 21 албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Шүүхийн байгууллагын захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын орон тоог нэмэгдүүлснээр шүүхийн хэвийн ажиллах нөхцөл үндсэндээ бүрдлээ.
Үүнтэй холбогдуулан шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажил үүргийн хуваарийг тогтоож, ШЕЗ-өөс 2007 онд Хэргийн хөдөлгөөний стандартуудыг батлан гаргаж, 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдлөг болгон ажиллаж байна.
Одоо Монгол Улсын шүүхэд төрийн тусгай, захиргааны болон үйлчилгээний нийт 1302 төрийн албан хаагч ажиллаж байна.
Тайлангийн хугацаанд ШЕЗ-ийн даргын захирамжаар шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг 6 удаа зарлаж, ШМХ-ны хуралдааныг зохион байгуулав.
2008 онд анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нийт 21 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж түүнд 64 нэр дэвшигч бүртгүүлжээ. Үүнээс ШМХ-ны шалгалтанд 62 нэр дэвшигч тэнцэж, 1 нэр дэвшигч шалгалтанд тэнцэхгүй тухай дүгнэлт гарч, 1 нэр дэвшигч шалгалтанд ирээгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нийт 12 орон тоонд /давхардсан тоогоор/ сонгон шалгаруулалт зарлаж, нийт 18 нэр дэвшигч бүртгүүлсэнээс 2 нэр дэвшигч нэрээ татаж, 16 нэр дэвшигч ШМХ-ны шалгалтанд орж, үүнээс 6 нэр дэвшигч шалгалтанд тэнцээгүй байна.
Аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2 орон тоонд /давхардсан тоогоор/ сонгон шалгаруулалт зарлаж, нийт 10 нэр дэвшигч бүртгүүлсэнээс 9 нэр дэвшигч ШМХ-ны шалгалтанд орж, үүнээс 2 нэр дэвшигч тэнцэж, 8 нэр дэвшигч тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарчээ.
2008 онд ШМХ бүрэн эрхийнхээ дагуу давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн, Ерөнхий шүүгчийн хүсэлт, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний шийдвэрээр 7 шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгаж, 3 шүүгчийг шүүгчийн албан тушаалд тэнцэнэ, 4 шүүгчийг тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.
Шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн талаар 2006-2008 он хүртэл судалгаа хийхэд 2006, 2008 онуудад харьцангуй өндөр буюу 67 нэр дэвшигч бүртгүүлснээс 2008 онд сум дундын шүүхийн шүүгчийн нэг орон тоон дээр 30 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлджээ. Шүүгчийн албан тушаалд ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь шүүгчийн ажиллах нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудлууд сайжирсантай холбоотой юм.
Үүнтэй уялдуулан цаашид шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэн өрсөлдөж байгаа хуульчдад илүү өндөр шалгуур тавих нь зүйтэй гэж үзнэ.
* ШЕЗ-ийн даргын 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 32 тоот захирамжаар “Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө”-г анх удаа батлан гаргалаа.
Уг хөтөлбөрийн дагуу шүүгчдийг мэргэшүүлэх зорилгоор эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр тус тус сургалт явуулж, багц цаг олгохоос гадна шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны дарга нарт болон шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулах юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шүүх сургалтын нэгдсэн тогтолцоотой болж шүүгч, ажилтныг үргэлжилсэн сургалтад тогтмол хамруулах, тэдгээрийн мэргэшил, мэдлэгийн түвшин, ажил хэргийн чадварыг эрх зүйн онолын чиг хандлага, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, эрх зүйн онолын мэдлэгийг бататгаж, хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүйг эрхэмлэх хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.
Сургалтын нэгдсэн хөтөлбөрт тусгагдсан сургалтуудыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд УДШ, Хууль зүйн үндэсний төвтэй хамтран зохион байгуулна. Ханнс-Зайделийн санд хүсэлт гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр сургалт явуулах шүүгч багш нарыг сонгон авч, гадаад болон дотооддоо бэлтгэж дуусгалаа.
Мөн сантай хамтран ирэх жил эрүүгийн шүүн таслах ажиллагааны чиглэлээр сургалт явуулах шүүгч багш нарыг бэлтгэх болно.
Ингэснээр эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр сургалт явуулах шүүгч багш нарын үндэсний багтай болж буйгаас гадна мэргэжлийн сургалтыг Монголын шүүгч нар өөрсдөө бие даан явуулах боломжтой болох юм.
Мөн шүүхийн захиргааны удирдлагын чиглэлээр Шүүхийн захиргааны удирдлагын менежмент буюу шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны дарга нарт зориулсан сургалт, Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт, шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтуудын хөтөлбөрийг батлаж, зохион байгуулахаар боллоо.
ШЕЗ-ийн 2008 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан сургалтууд бүрэн хийгдлээ.
Аймаг, нийслэл, нийслэлийн захиргаа, сум дунд, дүүргийн шүүхийн тамгын хэлтэс, албадын дарга нарын нэгдсэн сургалт семинар 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хууль зүйн үндэсний төв дээр явагдлаа.
ШЕЗ нь УДШ-ийн Иргэний хэргийн танхимтай хамтран иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулав.
Энэ удаагийн сургалтыг “Бусдын эзэмшил ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн зохицуулалт, хууль хэрэглэх аргачлал” сэдвээр бодлого боловсруулж, бэлтгэх шүүгч багш нарын семинарыг 2008 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж, хөтөлбөрийг Шүүгчийн сургалтын дэд хороогоор магадлан итгэмжлүүлж батлууллаа.
Шүүгч нарт зориулсан сургалтыг 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд УДШ болон бүх аймаг, нийслэлд зохион байгуулж, бүх шатны шүүхийн шүүгч, ажилтнуудыг хамрууллаа. Тус сургалтад нийт 691 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хамрагдсан байна.
Энэхүү сургалтад хамрагдсан шүүгч, ажилтнууд “Хуульчийн үргэлжилсэн сургалтын журам”-д заасны дагуу багц цаг хангах боломжтой болж байна.
ШЕЗ, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх, “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ хамтран 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд “Худалдан авах ажиллагаа болон шүүх тогтолцоон дахь авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр нийслэл болон бүх аймгийн шүүх дээр 1 өдрийн сургалт зохион байгууллаа. Тус сургалтад нийт 600 орчим шүүгч, ажилтан хамрагджээ.
ШЕЗ, “Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд нийслэл, дүүргийн бүх шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулан сургалт зохион байгууллаа.
2008 оны 6 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Оюуны өмчийн газар, АНУ-ын элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалт, семинарт нийслэл, дүүрэг болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорноговь, Орхон аймгийн шүүхийн нийт 25 шүүгч оролцлоо.
Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулиас зохион байгуулсан “Авилгатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа” сэдэвт 5 өдрийн сургалтад Нийслэл, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын хэлтэс, албаны дарга нар болон Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга, ажилтнууд хамрагдлаа.
Аймаг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан 3 дахь удаагийн нэгдсэн сургалт 2008 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрийг дуустал хугацаанд явагдлаа. Мөн захиргааны хэргийн нийт шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд Монгол Улсын Засгийн газрын захиалгат Төрийн захиргааны менежерийн “гараг”-ийн болон “зайны” сургалтад 2 хүнийг хамруулахаар шийдвэрлэлээ.
* Монгол Улсын Дээд шүүх, БНХАУ-ын Ардын Дээд шүүхтэй хийсэн хэлэлцээрийн дагуу 2006 оноос хэрэгжиж эхэлсэн сургалт 2008 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Бээжин, Тяньжин хотуудад зохион байгуулагдаж, анхан шатны шүүхийн шүүгчид болон зарим шүүхийн тамгын хэлтсийн дарга нийт 25 хүн хамрагдлаа.
2006 оноос эхэлсэн Тайваньд зохион байгуулагддаг сургалтад УДШ болон аймгийн давж заалдах шатны шүүхийн нийт 10 шүүгч оролцлоо.
Ханнс-Зайделийн сангийн техникийн туслалцаа болон санхүүжилтээр бэлтгэж байгаа захиргааны хэргийн шүүхийн шүүгч багш нарт зориулан ХБНГУ-д зохион байгуулсан сургалтад 10 шүүгч оролцлоо.
БНСУ-д богино хугацааны сургалтад жил бүр 20-25 хүн хамруулахаар холбогдох байгууллагатай харилцан тохиролцож 2009 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
* УДШ-ийн Ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн даргын хамтарсан 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 04/13 дугаар захирамжаар нийт шүүх, шүүгчдийн 2007 оны ажлыг УДШ-ийн дэргэдэх Судалгааны төвөөс нэгтгэн гаргасан үзүүлэлт, УДШ-ийн эрүү, иргэн, захиргааны хэргийн танхим, ШЕЗ-ийн ажлын албаны саналыг үндэслэн 2007 оны шүүн таслах болон бусад ажлын дүнгээр “Хамгийн сайн менежменттэй шүүх” номинацид шалгарсан Орхон аймаг дахь сум дундын шүүх, Нийслэлийн шүүх, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийг Өргөмжлөл, 300000 төгрөгөөр, 2007 оны “Шилдэг шүүгч-багш” номинацид шалгарсан Завхан аймгийн шүүхийн шүүгч О.Нарангэрэл, “Чадварлаг шүүгч” номинацид шалгарсан Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Алтан, “Санаачлагатай шүүгч-шинэчлэгч” номинацид шалгарсан Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан, “Зохион байгуулагч шүүгч-манлайлагч” номинацид шалгарсан Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч Ж.Кульдана нарыг Өргөмжлөл, 150000 төгрөгөөр тус тус шагнажээ.
ШЕЗ-ийн 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор шүүхийн байгууллагад идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Пунцаг нарын 10 хүнийг Монгол Улсын “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, ШЕЗ-ийн даргын 2008 оны 18, 40, 44, 50 дугаар захирамжаар УДШ-ийн жолооч Б.Пүрэв нарын 27 хүнийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, Хууль зүйн, Дотоод хэргийн яамны сайдын 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 112 дугаар тушаалаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн нарын 5 хүнийг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, УДШ-ийн дэргэдэх Судалгааны төвийн ахлах зааварлагч Ш.Даваадулам нарын 4 хүнийг тус яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 108, 286 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, УДШ-ийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дамдиндорж, Төв аймгийн шүүхийн шүүгч Д.Гансүх нар, “Алтан гадас” одонгоор УДШ-ийн тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, Дорнод аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, УДШ-ийн Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа хариуцсан референт З.Нацаг, Дорнод аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга Г.Адъяасүрэн, Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгч Б.Сумъяа нар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Дорноговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь, Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч С.Оюунцэцэг, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, УДШ-ийн өргөдөл, гомдол хариуцсан ахлах зааварлагч Г.Гандмаа, УДШ-ийн үйлчлэгч Д.Загдсүрэн, Хэнтий аймгийн шүүхийн аж ахуйн нярав Б.Дулмаа, Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч М.Айнагүл, Булган аймгийн шүүхийн шүүгч С.Уранчимэг, Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Цагцалмаа, Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч С.Энхжаргал нар тус тус шагнагдсан байна.
Тайлангийн хугацаанд шүүхийн байгууллагын хэмжээнд нийт 65 хүн төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнагджээ.
* Тайлангийн хугацаанд ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн дөтгөөр зэрэг дэвийг 22 хүнд, дэд зэрэг дэвийг 1 хүнд, ахлах түшмэлийн дөтгөөр зэрэг дэвийг 4 хүнд, тэргүүн зэрэг дэвийг 2 хүнд тус тус олгосон байна.
ШЕЗ-ийн тогтоолоор нийт 54 шүүгчид шүүгчийн зэрэг дэв олгосноос шүүгчийн тавдугаар түшээ зэрэг дэвийг 19 шүүгчид, дөтгөөр түшээ зэрэг дэвийг 15 шүүгчид, гутгаар түшээ зэрэг дэвийг 10 шүүгчид, дэд түшээ зэрэг дэвийг 10 шүүгчид тус тус олголоо.
* “Шүүх Эрх мэдэл” сэтгүүлийг улирал тутам гаргаж, нийт шүүхүүдэд хүргүүллээ.
* Нийт шүүгчдийн анкет, хувийн хэргийг шинэчлэн, хүний нөөцийн талаар дэлгэрэнгүй судалгаа гаргалаа. Шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын дэлгэрэнгүй судалгааг бүх аймаг, нийслэл, нийслэлийн захиргаа, сум дунд, дүүргийн шүүхээс гаргуулан авч нэгтгэх ажлыг хийж дуусгав.
* Хөрөнгө орлогын мэдүүлэг, улирлын тайлан мэдээг цаг хугацаанд гаргаж Авилгатай тэмцэх газар хүргүүллээ.
* Хүний нөөцийн удирдлагын мэдээлэл, ШЕЗ-ийн ажлын албаны албан хаагчдын бүртгэлийн бүрэлдэхүүн хөдөлгөөний 2008 оны тайланг Төрийн албан зөвлөлд хүргүүлсэн болно.
2009 онд шүүхийн хүний нөөцийн төлөвлөлт, судалгааг улам боловсронгуй болгох, шүүхэд ажиллах шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд жил бүр нэмэгдэж байгааг харгалзан тэднийг шилж сонгох, тогтвор суурьшилтай ажиллуулах, хариуцлага тооцох, техник технологийн дэвшил ашиглан Монгол Улсын шүүхийн хэмжээнд Шүүхийн хүний нөөцийн интернет дээр суурилсан програм хангамж нэвтрүүлэх зорилт тавьж байна.
Гурав. Шүүхийн эдийн засаг, санхүүгийн хараат бус байдлыг бэхжүүлж, шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлэх нөхцөлийг хангах талаар
Шүүхийн төсвийн төслийг үндэслэлтэй боловсруулах, төсвийг хуваарилах, зарцуулах талаар бодлогын шинжтэй арга хэмжээ авах зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
* Шүүхийн бие даасан байдлын салшгүй чухал хэсэг болсон эдийн засгийн хараат бус байдлыг хангахын тулд шүүхийн төсвийг нэмэгдүүлэх, хүрэлцээтэй болгох зорилгоор холбогдох байгууллагуудтай харилцан ажилласны үр дүнд 2008 оны урсгал төсвийг 9155513.9 мянган төгрөгөөр батлуулсан нь өмнөх оноос 74.4 хувиар өссөн байна. Үүнд шүүгчийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг өмнөх онд шийдвэрлүүлсэн нь нөлөөлснийг дурьдах нь зүйтэй байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөв өмнөх оныхоос 3.8 дахин их буюу 2957700.0 мянган төгрөгөөр батлагдсан болно.
*Сангийн яам, Төрийн өмчийн хороотой хамтран 2008 онд мөрдөх нягтлан бодох бүртгэл, санхүүгийн бичиг баримтын өөрчлөлт, бүртгэлийн талаарх сургалтыг аймаг, нийслэлийн болон нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн нягтлан бодогч нарт зориулан зохион байгууллаа.
*ШЕЗ-ийн 2007 оны жилийн эцсийн санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зарцуулалтын тайланг нэгтгэж, Үндэсний аудитын газраас ШЕЗ-ийн даргын төсвийн багцын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудит хийж, “Төсөвт байгууллагад мөрдөх НББ-ийн бодлого, заавар”-ын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, шударга илэрхийлсэн байна” гэж дүгнэсэн байна.
*Монгол Улсын шүүхийн 2009 оны төвлөрсөн болон хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулж Сангийн яаманд цаг тухайд нь хүргүүллээ.
* 2008 оны шүүхийн төвлөрсөн төсвийн хуваарийг ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, нийт шүүхүүдийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн дагуу зарцуулсан байдалд хяналт тавьж, гүйцэтгэлийн мэдээг нэгтгэн сар бүр Төрийн санд хүргүүллээ.
*Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн барилгыг шинээр, Сүхбаатар дүүргийн шүүхийн барилгын өргөтгөлийг бариулах нээлттэй тендерийг зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулснаар одоогоор Баянхонгор аймгийн шүүхийн болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн барилгын өргөтгөлийн ажил дуусч, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
* Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн барилгын суурийн болон тулгуур багануудын цутгалтын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө хийж гүйцэтгэсэн бөгөөд бусад ажлыг төлөвлөгөөний дагуу 2009 онд хийх болно.
* Шүүхүүдийн автомашины паркийг шинэчлэх төлөвлөгөөний дагуу шинээр автомашин худалдан авахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж Архангай, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан, Дорнод, Дорноговь, Хэнтий, мөн аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх /Бор-Өндөр/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүх /Хөтөл/, Нийслэл, нийслэлийн Захиргааны хэргийн шүүх болон нийслэлийн Сүхбаатар, Багануур дүүргийн шүүхүүдэд нийт 14 ширхэг автомашиныг хүлээлгэж өглөө. Мөн Сүхбаатар аймаг дах сум дундын шүүхэд УАЗ-469 автомашиныг шинээр худалдан авч өгөв.
* Төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 142267.0 мянган төгрөгийн их засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна. Үүнд: Нийслэл, дүүргийн шүүхүүдэд хяналтын камер суурилуулах, барилгын дээвэр, сантехник, дулааны шугамыг засварлах, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүх /Хөтөл/-ийн цахилгааны шугамыг шинээр тавих, барилгын дээврийн засвар, Сүхбаатар аймгийн шүүхийн барилгын агааржуулалт, дээврийн засвар, Дархан-Уул аймгийн шүүхийн барилгын сантехникийн засвар, Төв аймгийн шүүхийн барилгын фасад, зоорин хэсгийн их засварын ажлууд хуваарийн дагуу хийгдлээ.
*Шүүхүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн Орхон аймгийн шүүх, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх /Зүүнхараа/, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх /Замын-Үүд/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх /Хархорин/-ийн автомашины урсгал засварт нийт 6100.0 мянган төгрөг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хяналтын камер авахад зориулж 3282.0 мянган төгрөг, Сүхбаатар аймгийн шүүхийн дээвэр, агааржуулалтын засварт 8000.0 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилтийг урсгал төсвөөс гаргалаа.
*Шүүгч, ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор өмнөх онд эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж зарим аймгийн шүүхүүдийн албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг нээлттэй сонгон шалгаруулснаар Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, мөн аймгийн Хархорин дах сум дундын 2 дугаар шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл дэх сум дундын 2 дугаар шүүх, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сум дундын 2 дугаар шүүхүүдэд албан тасалгааны иж бүрэн тавилгыг хүлээлгэн өгөөд байна. Мөн Сахилгын хорооны хурлын танхим, ШЕЗ-ийн ажлын албанд тавилга авахад 6019.8 мянган төгрөг зарцууллаа. Дээрх аймгуудыг албан тасалгааны тавилгаар хангаснаар орон нутгийн шүүхүүдээс Дорноговь аймгийн шүүх, мөн аймгийн сум дундын 2 дугаар шүүх /Замын-Үүд/, Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхүүдийн тавилгажилтын асуудлууд шийдвэрлэгдээгүй үлдсэн бөгөөд нийт орон нутгийн шүүхүүдийн 93 хувийн тавилгыг бүрэн шинэчиллээ.
* Төсвийн хуваарилалтанд зохицуулалт хийж, нийслэл, дүүргийн болон 21 аймгийн шүүхүүдэд хамгийн сүүлийн үеийн сүлжээний орчинд ажилладаг хувилагч машин худалдан авч өгснөөс гадна нийслэлийн 4 дүүргийн шүүхийг иж бүрэн компьютержүүлсэн нь төсвийг үр ашигтай зарцуулах ажлын нэг хэсэг байлаа .
Шүүгч, ажилтнуудын эдийн засгийн хараат бус байдлыг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
* Шүүгч, шүүхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2008 оны хөрөнгө оруулалтын төсөвт албан тушаалын орон сууц худалдан авах төсөв батлуулснаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, Нийслэлд 8 айлын орон сууц, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх /Булган сум/ тус бүрт 2, Ховд, Дундговь, Дорноговь аймгийн шүүхүүдэд тус бүр 3, Архангай, Өмнөговь, Төв, Увс аймгийн шүүх болон Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2, 3 дугаар шүүхүүдэд /Хөтөл, Зүүнхараа/ тус бүр 1, нийт 1-3 өрөө 49 орон сууц орон сууц худалдан авлаа. Түүнчлэн Баянхонгор аймгийн шүүхийн албан конторын хуучин барилгыг албан тушаалын 8 айлын орон сууцны зориулалтаар шинэчлэн засварлах ажлыг эхлүүлээд байгаа болно.
*Шүүгч, ажилтнуудын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдэнд орон сууцны урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ХААН банктай хамтран шийдвэрлэсний үр дүнд одоогоор хөдөө орон нутгийн шүүхийн 200 гаруй шүүгч, ажилтнууд нийт 5 тэрбум гаруй төгрөгний зээл авч, орон сууцтай болжээ.
* Шүүхийн тухай болон Төрийн албаны тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 3 шүүгч тус бүрд 24 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болгон 34223.2 мянган төгрөг, тамгын хэлтсийн хоёр даргад 18344.4 мянган төгрөг, төрийн захиргааны ажилтан буюу нарийн бичгийн 3 хүнд 29952.0 мянган төгрөгийн тэтгэмж урамшуулал олгосон байна.
* Нийслэл, дүүргийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудад 100000.0 мянган төгрөг, орон нутгийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудад 19000.0 мянган төгрөгийн тэтгэмж, Хөвсгөл, Говь-Алтай, Дундговь аймгийн шүүхийн 4 ажилтанд тус бүр иж бүрэн гэр олголоо.
* 2007, 2008 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлтийг харгалзан аймаг, нийслэлийн тамгын хэлтсийн дарга, нягтлан бодогч нарт 21625.6 мянган төгрөгийн урамшуулал олгож, 12 нягтлан бодогчийг БНХАУ-д 7 хоног аялууллаа.
*2008 онд шүүхийн төвлөрсөн төсвөөс гадаад сургалтын арга хэмжээнд нийт 10070.7 мянган төгрөгийн санхүүжилт хийсний үр дүнд УДШ, аймаг, нийслэл, дүүрэг, сум, сум дундын шүүхийн шүүгч, ажилтнуудаас БНХАУ-д 25 хүн, Тайваньд 10 хүн урт, богино хугацааны сургалтад хамрагдсан байна.
*Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын хэлтсийн дарга нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулахад 14590.1 мянган төгрөг, шүүгч нарын орон нутгийн сургалтад 10944.1 мянган төгрөг тус тус зарцуулжээ.
*Шинээр томилогдсон 23 шүүгчид шүүгчийн нөмрөгийг захиалж хүргүүлэв.
* 2008 онд Төрийн өмчийн хороонд 16 шүүхийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлснээс Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Ховд, Хэнтий, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сум дундын 2 дугаар шүүх, Төв аймгийн шүүхүүд элэгдлээрээ анхны өртгийг нөхсөн эд хөрөнгийг тамгын хэлтсийн даргын тушаалаар акталж устгасан байна. Түүнчлэн Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Дорнод, мөн аймгийн Замын-Үүд дэх сум дундын 2 дугаар шүүх, Завхан, мөн аймгийн Тосонцэнгэл дэх сум дундын 2 дугаар шүүх, Өвөрхангай, мөн аймгийн Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүх, Увс, Хэнтий, Сэлэнгэ, Сүхбаатар, Орхон, Төв, Нийслэлийн Багануур дүүргийн шүүхүүд үндсэн хөрөнгө актлах, устгах талаар асуудлаа тавьж шийдвэрлүүллээ. Нийт шүүхүүдийн 84 хувь нь хуучин тавилга, автомашин болон ашиглалтын хугацаа дууссан хөрөнгийн асуудлаа холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэжээ.
* Үндсэн хөрөнгийн судалгааг тодорхой болгох ажлын хүрээнд 2007 оны урсгал төсөв болон хөрөнгө оруулалтын төсвийн хөрөнгөөр авсан хөрөнгө, хандив тусламжаар авсан хөрөнгө, шүүгчдийн орон сууцны судалгаа болон нийт шүүхүүдийн хэмжээнд албан конторын барилга, автомашины талаарх судалгааг гаргав.
* ШЕЗ-ийн 2008 оны төлөвлөгөөний дагуу шалган туслах ажлын ерөнхий удирдамжийн хүрээнд Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, мөн аймгийн Замын-Үүд дэх сум дундын 2 дугаар шүүх, Завхан, мөн аймгийн Тосонцэнгэл дэх сум дундын 2 дугаар шүүх, Ховд, мөн аймгийн Булган дах сум дундын 2 дугаар шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум дундын 2 дугаар шүүхүүдийн санхүүгийн үйл ажиллагааг шалган тусалж, заавар зөвлөгөө өглөө.
ШЕЗ-өөс 2008 онд шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжин туслах, нэн ялангуяа шүүгч, ажилтнуудыг орон сууцаар хангах боломжийг судалж шийдвэрлэх талаар урьд өмнө хийгдэж байгаагүй олон ажлууд хэрэгжүүлснийг онцлон дурьдаж байна.
Шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв 2009 онд бидний төлөвлөсөн хэмжээнд батлагдаж чадаагүй ч төсвийг зөв хуваарилах, үр ашигтай зарцуулахад буюу санхүүгийн оновчтой менежментыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах бөгөөд холбогдох судалгаа шинжилгээг хийнэ. Цаашид шүүхийн төсөв улсын нэгдсэн төсвийн тодорхой хувийг эзлэх асуудлыг шийдвэрлүүлэх, зарим шүүхийн байр, тоног төхөөрөмжийг шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлж, шүүгч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хийгдэж байгаа ажлуудаа үргэлжүүлэх болно.
Дөрөв. Шүүгчийн ёс зүй, зан үйлийг тогтоож хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар
Шүүхийн Сахилгын хорооны чадавхийг бэхжүүлэх, шүүгч, ажилтнуудад тавигдах ёс зүйн шаардлагыг мөрдүүлэх, хяналт тавих, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээ авах зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.
*Монгол Улсын Шүүхийн Сахилгын хороо /цаашид “ШСХ” гэх /-ны ажлын алба шүүгчийн ёс зүйтэй холбоотой урьд оны үлдэгдэл 8 шүүгчид холбогдох 8, шинээр 106 шүүгчид холбогдох 72, нийт 114 шүүгчид холбогдох 80 гомдол, хүсэлт хүлээн авсанаас бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчээс 10 хүсэлт, төрийн байгууллагаас 10, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 60 гомдол тус тус ирүүлсэн байна. Тайлангийн хугацаанд ШСХ-ы бүрэн эрхэд хамааралгүй шүүгчийн ёс зүйтэй холбогдолгүй 68 гомдол ирүүлсэнийг харъяаллын дагуу шилжүүлэх, гомдол гаргагчид нь буцаах зэргээр шийдвэрлэлээ.
* 2008 оны жилийн эцсийн байдлаар ШСХ анхан шатны 21, нийт гишүүдийн 4 удаагийн хуралдаан хийв.
* Ажлын албанд ирүүлсэн гомдол, хүсэлтийг ШСХ-ны дарга, гишүүдэд танилцуулж зохих шалгах ажиллагаа хийснээс 20 шүүгчид холбогдох гомдол, хүсэлтэд сахилгын хэрэг үүсгэж, ажил тасалж, архи уусан 7 шүүгчид сануулах арга хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн хугацаа хэтрүүлсэн 5 шүүгчийн 1 шүүгчийг албан тушаалаас огцруулах, 4 шүүгчид сануулах, хэргийн оролцогчийн автомашиныг хувьдаа хэрэглэсэн үндэслэлээр 1 шүүгчийн зэрэг дэвийг 6 сараар бууруулах зэрэг сахилгын шийтгэлийг нийт 13 шүүгчид оногдуулж, 7 сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг хэрэгсэхгүй болгож, 16 гомдол, хүсэлтэд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 30 гомдол хүсэлтэд зохих хариуг албан бичгээр өгсөн байна.
Одоогийн байдлаар 14 гомдол, хүсэлтэд хууль болон дүрэмд заасан ажиллагааг хийж байна.
* Шүүгчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, хүсэлт урьд онд 48 байсан бол энэ онд 80 болж өмнөх онтой харьцуулвал 32 буюу 40.0 хувиар өссөн үзүүлэлт гарч байна.
* ШЕЗ-ийн 2008 оны төлөвлөгөөний дагуу Ховд, Баянхонгор, Төв, Баян-Өлгий, Завхан аймгийн шүүхүүдэд шалган туслах ажлын хэсэгт Ажлын албаны дарга, хянан шалгагч нар орж, хамтран ажиллав. Тайлангийн хугацаанд Дархан-Уул, Дундговь аймгийн шүүхэд тус бүр 2 удаа, Архангай, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Завхан, Төв, Хэнтий, Хөвсгөл, Увс, Дорнод аймаг дахь сум дундын шүүх, Нийслэлийн шүүх, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүргүүдийн шүүхүүдэд албан томилолтоор ажиллаж, иргэд, байгууллагын гомдол, хүсэлтийг шалгах ажиллагаа явуулжээ.
* ШСХ-ны ажлын албанаас нийслэл болон аймаг, орон нутгийн шүүхүүдээс 1970-2002 оны хооронд хянан шийдвэрлэсэн 225 сахилгын хэргийг хүлээн авч, нэгдсэн бүртгэлд оруулж, эмхэлж цэгцлэн, архивт хүлээлгэж өгөхөд бэлэн болголоо.
* ШСХ-ны ажлын албанаас орон нутгийн болон Нийслэл, дүүргийн шүүхүүдийн дунд интернэт ярилцлагыг зохион байгуулж, ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагаа, гомдол хүсэлтийг хэрхэн шалгаж, шийдвэрлэж байгаа талаар шүүгч ажилтнуудад тодорхой мэдээлэл өгснөөс гадна цаашид анхаарах асуудлын талаар санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлсэн нь сонирхолтой арга хэмжээ боллоо.
* Аймаг, нийслэл, сум буюу сум дунд болон дүүргийн шүүх, түүнчлэн дагнасан шүүхийн шүүгчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг ШСХ-ны ажлын алба бүртгэх, хадгалах ажлыг эрхэлж, сар, улирал, жилийн мэдээ тайланг тухай бүр Авилгатай тэмцэх газарт хууль, журмын дагуу хүргүүлж байна. Цаашид нийт шүүгчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ хууль тогтоомжид заасан хугацаанд зохих журмын дагуу үнэн, зөв мэдүүлэхэд анхаарах шаардлагатай.
* Шүүгч, ажилтны, ялангуяа шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын /Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн болон Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх г.м/ ажил хэргийн чадвар сул, зан харьцааны доголдол, бусдад ялгавартай ханддаг байдал, хүмүүсийг чирэгдүүлдэг зэрэг нийтлэг зөрчил багасахгүй байгаатай холбоотой ШСХ-д гаргаж буй гомдлын тоо ихсэх хандлагатай буйд онцгой анхаарах шаардлагатай гэж үзнэ.
* Тайлангийн хугацаанд ШСХ-д шат шатны шүүхийн (УДШ, Нийслэлийн шүүх, Дорноговь, Сүхбаатар, Завхан, Дундговь, Сэлэнгэ аймгийн шүүх, Төв, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүх) Ерөнхий шүүгч нараас нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгүүлэхээр 10 удаагийн хүсэлт ирүүлсэн явдал нь шүүхэд оршин байгаа дутагдлыг арилгах, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах, олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор авч буй ажлын зөв арга барил, нөгөө талаар илэрч байгаа зөрчлийг тухай бүрт нь шүүгчид хариуцлага тооцоход үр нөлөөтэй байгаа боловч Ерөнхий шүүгч нарын хүсэлт нь ШСХ-д ирж байгаа нийт гомдол хүсэлтийн 12.5% эзэлж байгаад дүгнэлт хийж ажиллах шаардлагатай.
* ШСХ-ны ажлын алба гомдол, хүсэлтийг шалгаад ялангуяа тухайн аймаг, сум дундын шүүхийн нийт шүүгчдэд гарч байгаа зөрчил дутагдал, анхаарах асуудлын талаар тухай бүр танилцуулж, тогтмол мэдээлэл өгч байгаа нь шүүгч, шүүхийн ажилтнууд дахин зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга хэмжээ болж байна.
* Шүүгчийн ёс зүйг дээшлүүлэх зорилтын хүрээнд шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл, нотариатын байгууллагуудын ёс зүйн асуудал хариуцсан албадтай хамтарсан уулзалт зохион байгуулан, мэдээлэл солилцон, цаашид хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Тав. Нэгдсэн дүгнэлт, цаашдын зорилтын талаар
ШЕЗ-ийн 2008 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд биелжээ.
2008 оны төлөвлөгөөг биелүүлэхэд ШЕЗ-ийн дарга, гишүүд, ажлын албаны хамт олон идэвх чармайлт, санаачлага гарган үр бүтээлтэй ажиллаж ирснийг тэмдэглэж байна.
Монгол Улсын шүүхийн хувьд 2006-2008 он эрчимтэй хөгжил, бүтээлч ажлын он жилүүд боллоо. Энэ хугацаанд шүүхийн менежментийн нэгдсэн стандартыг боловсруулах ажил хэрэгжиж, удирдамжийн чанартай баримт бичгийн эмхтгэлүүдийг хэвлэн гаргав. Шүүх хүний нөөцөөр бүрэн хангагдан бэхжиж, зарим шүүхийн барилгуудыг шинээр барьж, өргөтгөл хийх, шинээр тавилгажуулах, шүүх хуралдааны танхимыг засварлах, тоноглох, шүүхийг техник, хэрэгсэл, автомашинаар хангах, шүүгч, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг эн тэргүүний зорилтуудыг амжилттай хэрэгжүүллээ.
Цаашид шүүхийн шинэтгэлийг улам эрчимжүүлэх бодлогын гол баримт бичиг болох “Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлан жил жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилт бидний өмнө тулгарч байна.